“Монгол дахь ардчилал, иргэний нийгмийн өнөөгийн байдлын нийгэм-улс төрийн судалгаа” гэсэн судалгааны ерөнхий сэдвийн хүрээнд хийсэн энэ удаагийн бодлогын судалгаа нь нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгарсан судлаач бүрийн санал болгосон судалгааны тодорхой сэдэв ба экспертүүдийн саналын томьёолол зэрэгт тулгуурлан тодорхойлогдсон дэд сэдвүүдийн агуулгаас бүрдэж байгаа бөгөөд дараах тодорхой асуудлуудыг хамарсан судалгааны үр дүнг агуулж байгаа юм. Үүнд:
-
Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хязгаарлагч хүчин зүйлс
-
Олон нийтийн хэвлэл мэдээллийг улс төрөөс хараат бус байлгах нь (хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын жишээн дээр)
-
Монгол дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам
-
Засаглалын цахим шилжилт: төрийн үйл хэрэг дэх иргэдийн цахим оролцоо
-
Монгол Улсын төсвийн хяналт, тулгамдаж буй асуудал, гарах арга зам
-
Монгол дахь иргэний нийгмийн байгууллагын хөгжил, хандлагын зарим асуудлыг хүний эрх, байгаль орчны төрийн бус байгууллагуудын жишээн дээр авч үзэх нь
-
Монгол дахь ардчиллын бэхжилт, сорилтын зарим асуудлыг олон улсын харьцуулсан судалгааны үүднээс авч үзэх нь
Судалгааны нэгдсэн багийн үйл ажиллагаа нь нийт долоон судлаачийн ажилд судалгааны 4 зөвлөх зөвлөн удирдаж гүйцэтгэж зохион байгуулагдсан. Судалгаа тус бүрт авч үзсэн асуудлуудыг судлаачид бие даан гүйцэтгэсэн боловч тухайн судалгааны арга зүй, агуулга, бүтэц, хэлбэрийн талаарх зөвлөгөөг судлаач тус бүрийн зөвлөх эрдэмтэд өгч хамтран ажилласан болно. Энэхүү зохион байгуулалт нь бодлогын судалгааны нэгдсэн тайлангийн бүтэц, хэсгээр илэрхийлэгдэж байгаа бөгөөд тэдгээрийг товч танилцуулбал:
“Олон нийтийн хэвлэл мэдээллийг улс төрөөс хараат бус байлгах нь (хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын жишээн дээр)” сэдэвт судалгааг “Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл”-ийн гүйцэтгэх захирал, төслийн судлаач Г.Гүнжидмаа, “Засаглалын цахим шилжилт: төрийн үйл хэрэг дэх иргэдийн цахим оролцоо” сэдэвт судалгааг Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, төслийн судлаач Л.Галбаатар нар гүйцэтгэсэн бөгөөд эдгээр судлаачийн судалгааны зөвлөхөөр МУИС-ийн ШУС-ийн улс төр судлалын тэнхмийн зөвлөх профессор Ц.Ганболд ажилласан болно.
“Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хязгаарлагч хүчин зүйлс” сэдэвт судалгааг төслийн судлаач Л.Бямбаханд, “Монгол дахь иргэний нийгмийн байгууллагын хөгжил, хандлагын зарим асуудлыг хүний эрх, байгаль орчны төрийн бус байгууллагуудын жишээн дээр авч үзэх нь” сэдэвт судалгааг “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн, төслийн судлаач Б.Баярмаа нар тус тус хийж гүйцэтгэсэн бөгөөд эдгээр судлаачийн зөвлөхөөр Удирдлагын Академийн дэд захирал, доктор, профессор Ш.Батсүх ажилласан болно.
“Монгол Улсын төсвийн хяналт, тулгамдаж буй асуудал, гарах арга зам” сэдэвт судалгааг МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн доктор, профессор Н.Бурмаа, “Монгол дахь ардчиллын бэхжилт, сорилтын зарим асуудлыг олон улсын харьцуулсан судалгааны үүднээс авч үзэх нь” сэдэвт судалгааг Монгол дахь АНУ-ын Азийн Сангийн хотын засаглалыг сайжруулах төслийн дэд менежер, төслийн судлаач Д.Оргил нар тус тус хийж гүйцэтгэсэн бөгөөд судалгааны зөвлөхөөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Амаржаргал ажиллалаа.
“Монгол дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт судалгааг “Түгээмэл хөгжил төв” ТББ-ын тэргүүн, төслийн судлаач Ч.Ундрахбаяр хийж гүйцэтгэн судалгааны зөвлөхөөр МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн доктор, профессор Н.Бурмаа ажилласан болохыг тэмдэглэж байна.
Товчдоо, судлаач бүрийн хариуцан бие даан хийж гүйцэтгэсэн судалгаа нь судлаач ба зөвлөхийн хамтын үйл ажиллагааны үр дүнд үндэслэсэн гэдгийг дурдах нь зүйтэй. Монгол дахь ардчилал, иргэний нийгмийн өнөөгийн байдлын талаарх судалгааны зарим тодорхой асуудлуудыг хөндсөн энэхүү бодлогын судалгаа нь цаашид тухайн асуудлуудаар лавшруулан судлаж болохуйц олон олон судалгааны төсөл, үйл ажиллагаа, үр дүн, дүгнэлт, хэлэлцүүлгээр улам баяжих бүрэн бололцоотой бөгөөд зохистой гэдгийг эцэст нь тэмдэглэж байна.