ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сан нь Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай сайн засаглалыг хөгжүүлэх болон төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх чиглэлд олон жил нягт хамтран ажиллаж байна. Энэхүү урт хугацааны тогтвортой, сайн хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэн ажиллахад бэлэн байгаагаа ноён У.Бямбасүрэн болон ноён Виктор Франк нар илэрхийллээ.
Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд боловсруулагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагад чанарын удирдлагын стандарт”-ыг Засгийн газраас батлан “Чанарын менежментийн тогтолцооны стандарт”-ыг нэвтрүүлэн, хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн захиргааны үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэй удирдан хөтлөхөд онол, үзэл баримтлал, ойлголт нэр томьёог нэг мөр болгох, уг шинжлэх ухааны ойлголт ухагдахууныг олон улсын хэмжээнд хэрэглэгддэг агуулгаар нутагшуулах зорилгын хүрээнд боловсруулагдсан “Захиргааны шинжлэх ухааны нэр томьёоны тайлбар толь бичиг” ирэх онд олон нийтэд танилцуулагдах бөгөөд уг үйл хэрэгт тодорхой хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Түүнчлэн хоёр байгууллага орон нутагт болон үндэсний хэмжээнд “Нутгийн удирдлагын чуулган” болон Төрийн албан хаагчдын мэргэшүүлэх сургалтуудыг хамтран зохион байгуулж ирсэн.
Виктор Франк 2021 оны 12 дугаар сараас Монгол Улс дахь Конрад-Аденауэр-Сангийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газарт Суурин төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна. Суурин төлөөлгчөөр томилогдохоос өмнө “ELNET Герман” ТББ-д Хөрөнгө босголтын төслийн ажлыг бие даан хариуцаж, хэрэгжүүлэх хөтөлбөрийн менежерээр ажиллаж байсан. Түүний өмнө ноён Франк нь Германы цөмийн форум ТББ-д хэвлэл, мэдээлэл, олон нийтийн болон улс төрийн ажлыг хариуцан ажилладаг байсан. Түүний мэргэжлийн карьер нь Москва хот дахь Конрад-Аденауэр-Сангийн төлөөлөгчийн газар Эрдэм шинжилгээний ажилтнаар эхэлж дараа нь Герман Улсын Залуучуудын холбооны Берлин хот дахь салбарын олон улс хариуцсан реферэнтээр ажиллаж байжээ. Ноён Виктор Франк Франкфурт Майн хотын Йоханн Вольфганг их сургуулийг улс төр судлаач болон олон улсын харилцааны чиглэлээр дүүргэсэн байна.