ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сан нь мэргэжлийн, чөлөөт сэтгүүл зүйг хөгжүүлэхэд онцгой анхаардаг билээ. Конрад-Аденауэр-Сангаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн томоохон хэсэг нь улс орны засаглал, улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл болон бусад салбарт залуучуудын хариуцлагатай, бүтээмжтэй бодит оролцоог бий болгоход манлайллын болон мэргэшүүлсэн хөтөлбөрүүдээр дамжуулан дэмжлэг үзүүлэхэд зориулагддаг.
Монгол дахь Конрад-Аденауэр-Сан нь мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх зорилгын хүрээнд хоёр дахь жилдээ “КАС-ийн Улс Төрийн Сэтгүүл Зүйн Хөтөлбөр” (KAS College for Political Journalism)-ийг 2022.10.10-10.15-ны хооронд зохион байгууллаа. Олон нийтэд нээлттэй зарлагдсан сонгон шалгаруулалтын дагуу улс төрийн сэтгүүл зүйн салбарт одоо ажиллаж байгаа болон цаашид мэргэших хүсэлтэй шилдэг сэтгүүлчид шалгаран, улс төрийн сэтгүүл зүйн үндсэн ойлголтууд болох улс төр, ардчилал, төрийн удирдлага, засаглал болон нийгмийн тэгш оролцооны чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг, интерактив воркшопуудад хамрагдан оролцлоо.
2022 оны хөтөлбөрийг МУИС-ийн Улс төр судлалын тэнхим болон Хэвлэлийн Хүрээлэн дэмжин хамтран ажиллалаа. КАС-ийн Улс Төрийн Сэтгүүл Зүйн Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтарч дэмжин оролцсон багш нар, зохион байгуулагчид болон хөтөлбөрийн төгсөгчдөдөө баярлалаа.