Монгол дахь Конрад-Аденауэр-Сан мэргэжлийн, чөлөөт сэтгүүл зүйг хөгжүүлэхэд онцгой анхаардаг билээ. Мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх зорилгынхоо хүрээнд Конрад-Аденауэр Сангийн “Улс Төрийн Сэтгүүл зүйн Хөтөлбөр” гурав дахь жилдээ 5 дугаар сарын 21-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Улс төрийн сэтгүүл зүйгээр мэргэшүүлэх уг цогц хөтөлбөр олон нийтэд нээлттэй зарлагдаж, сонгон шалгаруулалтын дагуу улс төрийн сэтгүүл зүйн салбарт одоо ажиллаж байгаа болон цаашид мэргэших хүсэлтэй шилдэг сэтгүүлчид шалгаран, улс төрийн сэтгүүл зүйн үндсэн ойлголтууд болох улс төр, ардчилал, төрийн удирдлага, засаглал, эдийн засаг болон нийгмийн тэгш оролцооны чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг, интерактив воркшопуудад хамрагдан оролцлоо.
Уг эрчимжүүлсэн хөтөлбөр амжилттай хэрэгжихэд дэмжин, хамтран ажилласан Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийн суурь судалгааны зохицуулагч, профессор Я.Долгоржав, МУИС-ийн ШУС-ийн Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Ж.Төртогтох, МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын тэнхимийн ахлах багш, доктор М.Мягмар, Хэвлэлийн Хүрээлэнгийн захирал, доктор М.Мөнхмандах, МУИС-ийн ШУС-ийн ахлах багш Д.Оюунчимэг, Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал О.Машбат, Улс төр судлаач Б.Эрдэнэбулган, Улс төр судлаач Б.Баярмаа, ХАХБХЗГ-ын мэргэжилтэн Б.Болороо, Эдийн засагч Б.Жаргалан, Прессхаб төвийн гүйцэтгэх захирал Г.Ариунболор болон хамтран зохион байгуулагч нартаа гүн талархал илэрхийлье.
Энэ удаагийн хөтөлбөрийн үеэр Конрад-Аденауэр-Сангийн Азийн бүсийн Хэвлэл мэдээллийн хөтөлбөр хариуцсан захирал Ансгар Грав “Хэвлэл мэдээллийн салбарт тулгарч буй сорилтууд”, “Улс төрийн сэтгүүл зүйн олон улсын өнөөгийн хандлага” сэдвүүдээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийсэн нь онцлог байлаа. Хүндэт зочиндоо мөн талархал илэрхийлье!