Vortrag
Details
Ардчилсан Намын дэргэдэх Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооноос Конрад-Аденауэр-Сангийн дэмжлэгээр жил бүр уламжлал болгон зохион явуулдаг үндэсний илтгэлийн уралдаан 2015 оны 04-р сарын 10-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо. Тус уралдааны аваргаар Дорнод аймгийн шилдэг илтгэгч С. Энхжаргал тодорлоо. Энэ жилийн илтгэлийн уралдаан нь “Хүчирхийллийг таслан зогсооход та юу хийж чадах вэ” гэсэн сэдвийн хүрээнд өрнөсөн бөгөөд аймаг дүүргээс шалгарсан 40 илтгэгчид төдийгүй Ардчилсан Намаас УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүдийн бэлтгэсэн илтгэгч оюутнууд оролцсоноороо ихээхэн онцлог байлаа. Илтгэлийн уралдааны дэд байранд Сонгинохайрхан дүүргээс шалгарсан илтгэгч А. Батчимэг, удаах байранд Гёте дунд сургуулийн 11-р ангийн сурагч Б. Нандин нар шалгарсан юм.
Илтгэгчид маань өнөөгийн нийгэм дэх хүчирхийллийн асуудлыг нарийн цар хүрээнд судлан авч үзэж түүнээс хэрхэн ангижирч болох тухай шинэ санаа шийдэл дэвшүүлсэн илтгэлүүдээр оюун, ухаан ур чадвараа сорин өрсөлдсөн билээ. Үүний зэрэгцээ “бид илтгэх урлагийн гайхамшиг, бие, дуу хоолой, үгийн урныг эрхэмлэн мэдэрч өөртөө үнэтэй хөрөнгө оруулалт хийж чадлаа” хэмээн өгүүлж байсныг дурьдах нь зүйн хэрэг билээ.
Түүнчлэн энэ удаагийн илтгэлийн уралдаанд оролцогч бүсгүйчүүд хамтдаа “хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” групп үүсгэн хамтдаа уг сэдвийн хүрээнд аймаг орон нутагт лекц, илтгэл тавих, иргэд олон нийттэй уулзаж санал хүсэлтийг нь сонсох ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн юм. Мөн УИХ-аар удахгүй хэлэлцэгдэх “Хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-д өөрсдийн санаа бодлыг тусгасан албан бичгийг тус хуулийг боловсруулж буй ажлын хэсэгт өргөн барихаар зэхэж байна.
Ийнхүү эмэгтэйчүүдийг чадавхжуулах, шинэ залуу боловсон хүчин бэлтгэхээр зохион байгуулагдсан үндэсний илтгэлийн уралдаан үр дүнгээ өгч оролцогч илтгэгчдийн маань үзэл бодол нэгэн зорилго дор нэгдэж үйл хэрэг болж эхэллээ.