Сургалт
Details
Сургалтанд зүүн болон төвийн бүсийн 13 аймгийн төлөөлөл бүхий 36 эмэгтэй оролцсон юм.
Уг сургалт нь улс төр дэх эмэгтэй удирдагчдын манлайллыг өргөжүүлж, ирээдүйн лидер эмэгтэйчүүдийг бэлдэн нийгэм улс төр дэх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгыг агуулж байв.
АЭХ-ны тэргүүн ССАЖ-ын сайд, УИХ-ын гишүүн Ц. Оюунгэрэл “Бид эмэгтэй удирдагчдыг бэлтгэх ажлыг цаг ямагт хийж байх ёстой. Тасралтгүй сурч, хөгжиж чадсан нь манлайлалд хүрч бусдыгаа мөн дагуулах учиртай. Энд цугласан эмэгтэйчүүд асар богино хугацаанд нэгдэж чадаж байна. Энэ бол эмэгтэйчүүд бидний бусдаас ялгарах шинж, давуу байдлыг тод илэрхийлж байгаа юм” хэмээн дурьдсан билээ.
Энэхүү цогц сургалтанд сэтгүүлч, PR зөвлөх, сургагч багш Ц. Оюунчимэгийн удирдагч эмэгтэйчүүдийн нийгэмд байр сууриа зөв тодорхойлох, олон нийтийн өмнө үзэл бодлоо илэрхийлэх чадварт суралцах болон багаар ажиллах ур чадвар соёлын талаарх цуврал хичээлүүд нь оролцогчдын талархлыг хүлээсэн мэдээлэл болж чадлаа.
Харин сэтгүүлч, сургагч багш Н. Рэгдэнгаравын цогц хичээлээс эмэгтэй манлайлагч нь зах зээлийн нийгэм дэх хөдөлмөрийн бүтээмжээ дээшлүүлэх, илтгэх урлагийг өөрийн карьертаа ухаалгаар хэрэгжүүлж, хөдөлмөр бүтээлийнхээ өгөөжөөр нийгэмд хэрхэн байр сууриа олох талаарх мэдээ, мэдээллийг эмэгтэйчүүд хүртсэн юм.
Түүнчлэн оролцогчдын хамгийн ихээр талархан хүлээж авсан хичээлүүд нь IT аналист мэргэжилтэй, сургагч багш Г. Мөнхгэрэлийн “Интернет орчинд өөрийгөө илэрхийлэх соёл” болон “Мэдээллийн технологи ба харилцаа” сэдэвт хичээлүүд байв.
Бүсгүйчүүд цаг үедээ тохирсон нэн хэрэгтэй мэдлэг мэдээллийг энэхүү сургалтаас олж авснаа дурдан хойшид хамтран ажиллах үйл хэргээ төлөвлөн итгэл дүүрэн, сэтгэл тэнүүн нутаг нутгийн зүг жолоо залсан нь энэ сургалтын эхний үр дүнг илэрхийллээ.