Арга хэмжээний мэдээ
Др. Герхард Валерсын Монгол Улс дахь айлчлалын оргил хэсэг нь Монгол-Германы XVI Чуулган байлаа. Тус чуулганд салбар, салбарын төлөөлөл болсон 200 орчим зочид, төлөөлөгчид оролцсон ба чуулганы үеэр ХБНГУ болон Монгол Улс дахь улс төрийн боловсролын ирээдүй, түүнчлэн хоёр орны хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраас түнш байгууллагуудтайгаа хамтран улс төр, эдийн засаг, боловсрол болон иргэний нийгмийн салбарын хүрээнд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн талаар дараах видео бичлэгээс үзнэ үү.
Ардчиллыг бэхжүүлэх үйлс
МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга Др. Герхард Валерсыг хүлээн авч уулзах үеэрээ тус сангийн төлөөлөгчийн газрыг Монгол Улсад үүсгэн байгуулсны 25 жилийн ойд баяр хүргэж, тус сангаас улс төрийн залуу боловсон хүчнийг бэлтгэх хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийнх нь амжилтыг онцлон тэмдэглэлээ. 1990 онд тайван хувьсгалаар эхэлсэн Монголын ардчиллыг бэхжүүлэх хүрээнд Конрад-Аденауэр-Сан нь 1993 онд өөрийн суурин төлөөлөгчөө Монгол Улсад албан ёсоор томилон ажиллуулсан ХБНГУ-ын анхны улс төрийн сан болсон ба тэр цаг үеэс хойш дээрх чиглэлээр тууштай үйл ажиллагаа явуулж байна. ОХУ, БНХАУ-ын дунд байрлах далайд гарцгүй орны хувьд газар зүйн байршил нь Монгол Улсад томоохон сорилт. Ерөнхийлөгч Х.Баттулга МУ-ын эдийн засгийн хөгжлийн гол саад тотгорыг авилга, тэр дундаа уул уурхайн салбар дахь авилгын асуудал хэмээн онцлов. Түүнчлэн ОХУ болон БНХАУ-ын дунд орших далайд гарцгүй орны хувьд олон сорилт бий гэдгийг тэмдэглэв. Др. Герхард Валерс МУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ Монгол оронд эрх чөлөөт ардчиллын үндэс болсон парламентын ардчилал амжилттай төлөвшиж буй нь төв азийн бүс нутагт болон бусад газарт ч эерэг үлгэр дуурайл болж байна гэв. Монгол болон Герман орон НҮБ, НАТО болон ЕАБХАБ зэрэг байгууллагууд дахь идэвх оролцоо, түүнчлэн Афганистанд энхийг сахиулах үйлс зэргээр нэгдмэл үнэт зүйлсийн төлөө амжилттай хамтран ажиллаж байна. Эдгээр нь хүндэтгэл хүлээж, олонд хүлээн зөвшөөрөгдөх үйлс билээ.
Парламентын тогтолцооны бэхжилт болон улс төрийн намуудын хамтын ажиллагаа
Монгол Улсад ардчилал тогтвортой төлөвшиж буй хэдий ч, засгийн газар солигдох үйл явц ойр ойрхон тохиож байна. Өнгөрсөн 28 жилд нийт 16 засгийн газар байгуулагдан ажиллажээ. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд МАН үнэмлэхүй ялалт байгуулснаар парламент дахь сөрөг хүчний нөлөө ихээхэн багасав. Айлчлалынхаа үеэр Др. Герхард Валерс Я.Санжмятав, Ж.Батзандан болон З.Нарантуяа нарын МУ-ын УИХ-ын гишүүдтэй уулзаж, 2020 оны УИХ-ын сонгуулийн урьдчилсан төлөв байдлын талаар яриа өрнүүллээ. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн хүрээнд 18-35 насны залуу сонгогчдын 30 орчим хувь нь л сонгуулийн саналаа өгсөн бөгөөд сонгогдсон 76 гишүүний 13 нь л эмэгтэй байна. Залуу улс төрчдийн хөтөлбөрөөс гадна Конрад-Аденауэр-Сан нь “Эмэгтэйчүүдийн Улс Төрийн Манлайлал” хөтөлбөрөөрөө дамжуулан улс төр, эдийн засаг болон нийгмийн салбарын шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна. МУ-ын ЗГХЭГ-ын Дэд дарга У.Бямбасүрэнтэй хийсэн уулзалтын үеэр төрийн албаны мэргэжилтнүүдийн мэргэшлийг дээшлүүлэх, түүнчлэн нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх хүрээнд хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн талаар голчлон яриа өрнүүллээ.
Эдийн засгийн салбар
Долоон жилийн өмнөхөн л байгалын нөөцөөр баялаг Монгол орон 17 хувийн эдийн засгийн өсөлттэй, хурдтай хөгжиж буй орнуудын нэгт зүй ёсоор тооцогдож байв. Харамсалтай нь авилгын асуудлууд болон гаднын хөрөнгө оруулалтын аюулгүй байдлаа бүрэн хангаж чадаагүй зэргээс болж гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсан. Монгол Улс 2017 оны 05 дугаар сарын сүүлээр ОУВС-гийн “Стэнд-бай” хөтөлбөрт хамрагдах болсон ба 434 сая ам. долларын зээл авав. Дээрх хөтөлбөрт хамрагдсанаар Монгол Улсын эдийн засаг эргэн сэргэж эхэлсэн ба нэн ялангуяа гадаад валютын нөөцийн хэмжээ ихээхэн өсжээ. ОУВС-аас Монгол Улсын энэ жилийн ДНБ-ий өсөлт таван хувьтай байна гэсэн урьдчилсан таамаг байна. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Др. Валерс МУ-ын Ерөнхий сайд асан, СЭЗИС-ийн ректор Р.Амаржаргалтай уулзаж яриа өрнүүлэв. Харин Монгол Улсын эдийн засаг болон аюулгүй байдлын асуудлуудын хүрээнд Үндэсний Аюулгүй Байдал Судлалын Институтийн захирал О.Машбат, элчин сайд Ж.Энхсайхан, нийтлэлч эдийн засагч Д.Жаргалсайхан болон УИХ-ын гишүүн асан М.Батчимэг нартай дугуй ширээний уулзалт хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Монгол Улс ШХАБ-д элсэх эсэх асуудлыг МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга хөндсөнөөр олны дунд олон талт хэлэлцүүлэг өрнөв. Монгол Улсын нийт экспортын 90 орчим хувь нь БНХАУ-руу гардаг. Др. Валерс айлчлалынхаа үеэр Конрад-Аденауэр-Сан эдийн засгийн бодлогын салбарын хүрээнд илүү гүнзгий ажиллах боломжтойг тэмдэглэв. Энэхүү салбарын хүрээнд одоогоор тус сан нь тогтвортой баялгийн засаглалын бодлогыг бий болгох хүрээнд МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын Газартай хамтран цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Түүнчлэн Компанийн Засаглалын Хөгжлийн Төвтэй хамтран компанийн нийгмийн хариуцлагын талаарх ойлголт мэдлэгийг түгээх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.
Монгол-Германы Чуулган: Ардчилалд улс төрийн боловсрол шаардлагатай
ХБНГУ-ын Ерөнхийлөгч асан Роман Херцогийн санаачилгаар 1999 онд Монгол-Германы Чуулганыг үүсгэн байгуулсан ба энэхүү чуулган нь “өдийг хүртэл тус чуулган нь хоёр орны санал солилцооны хамгийн чухал талбарын нэг байсаар ирсэн” хэмээн тус чуулганы тэргүүн, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат чуулганы эхэнд тэмдэглэв. Монгол-Германы XVI Чуулганаар улс төрийн боловсролын асуудлыг хөндлөө. “Ваймерын Бүгд Найрамдах Улсын сургамжаас үзэхэд ардчилал нь ардчилагчидгүйгээр оршин тогтнох боломжгүй.” хэмээн Др. Герхард Валерс илтгэлийн үеэрээ цохон дурдав. Улс төрийн боловсролыг түгээх нь эрх, үүргээ ухамсарласан иргэдийн төлөвшлийг дэмжих, тэднийг улс төрийн аливаа үйл явцад шүүн тунгаах өнцгөөс хандах боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой билээ. МУ-аас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Др. Д.Ганбат Герман, Монголын хамтын ажиллагаа, харилцан санал солилцооны ач холбогдлын талаар илтгэсэн ба нэн ялангуяа хоёр орны боловсрол, мэргэжлийн салбарын хүрээн дэх хамтын ажиллагааны үүрэг, нөлөөг онцлон тэмдэглэв. Улс төрийн боловсролыг хэрхэн хүртээмжтэй бөгөөд тогтвортой олгох талаар монгол, германы мэргэжилтнүүд панел хэлэлцүүлгийн үеэр санал солилцлоо. МУ-ын анхны Ерөнхийлөгч П.Очирбат хаалтын үгээ хэлэх үеэр ардчиллын салхийг анх Монгол оронд түгээж байсан эрхмүүд улс төрийн тавцнаас аяар холдож байгаа бөгөөд иймд Конрад-Аденауэр-Сангийн хувьд дараагийн үеийн улс төрчдийг бэлтгэхэд оролцох томоохон үүрэг хүлээж байна гэдгийг онцоллоо.