Энэ онд “Хотын хөгжил & иргэний оролцоо” сэдвийн дор зохиогдсон V чуулганы ерөнхий зохион байгууагчаар Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монгол дахь Конрад-Аденауэр-Сан ажиллаж, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтарч хийснээрээ онцлог боллоо.
Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил" болгон зарласантай холбогдуулан шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр иргэний хоорондын харилцаа холбоог сайжруулах зорилгоор энэ удаагийн Ардчиллын чуулганыг зохион байгуулсан юм.
Чуулганд ЗГХЭГ, НЗДТГ, УХЗАА, Яам, Агентлагын төлөөлөл, эрдэм шинжилгээний байгууллагын судлаачид, иргэний нийгмийн байгууллын төлөөлөл өргөнөөр оролцож, хотын төлөвлөлтийг хийхэд иргэдийн оролцоог хэрхэн тусгах болон иргэдийн оролцооны давуу болон сөрөг талуудыг онол, практикийн түвшинд хэлэлцэж, иргэний оролцоог сайжруулах асуудлын гарцыг тодорхойлоход түлхүү анхаарлаа. Уг чуулганд ХБНГУ-ын Людвигсхафен хотын захирагч асан бөгөөд ХБНГУ-ын хотуудын холбооны Ерөнхийлөгч асан хатагтай Др. Ева Лоозе зочин илтгэгчээр оролцож "Иргэдийн оролцооны ач холбогдол: Хот доторх гүүр, нийтийн эзэмшлийн байгууламж Герман улсын жишээн дээр" сэдвээр илтгэл тавьсан бол Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц. Тулга "Иргэний оролцоо ба Хот төлөвлөлт: Улаанбаатар хотын жишээн дээр" сэдвээр цаг үеийн мэдээллийг хамтатгасан илтгэлээ сонордууллаа. Чуулганы отгон илтгэл болох "Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбайн тохижолт, төлөвлөлт, ногоон байгууламж" сэдвээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижолт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г. Ууганбаяр танилцууллаа. “Хотын хөгжил & иргэний оролцоо” сэдэвт Ардчиллын тав дахь чуулганаар төрийн байгууллагын төлөөлөл, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, хувь судлаач, уг асуудлыг сонирхогч иргэдийн төлөөлөл бүхий 150 орчим зочин оролцохын зэрэгцээ чуулганы сэдэв, илтгэлүүд, оролцогчдын санал, зөвлөмжийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, иргэдэд ээлтэй хот төлөвлөлтийн талаар санал солилцож, харилцан туршлага хуваалцсан иргэд төлөөллийн индэр болж байснаараа онцлог байлаа.