Арга хэмжээний мэдээ
Эмэгтэйчүүд аливаа нийгмийн тэн хагасыг бүрдүүлдэг хэрнээ 21 дүгээр зуунд ч улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан болон нийгмийн бусад түлхүүр салбарын шийдвэр гаргах түвшинд тэдний тэгш төлөөлөл хангагдаж чадахгүй байгаа хэвээр. Олон зууны турш хадгалагдаж ирсэн эцгийн эрхт ёс давамгайлсан нийгмийн сэтгэлзүй болон үүнтэй холбоотой эрхзүйн орчин нь үүнд нөлөөлж байна. Дэлхий даяарх ардчилсан дэглэмтэй улс орнуудад, тэр дунд Монгол Улсад ч, эмэгтэйчүүд эрх тэгш байдал болон гарааны тэгш боломжийн төлөө дуу хоолойгоо нэгтгэн идэвхтэй илэрхийлж байна.
Конрад-Аденауэр-Сан болон Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд ТББ-аас дөрөв дэх жилдээ хамтран хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийн хүрээнд 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр тус хөтөлбөрийн оролцогчид болон өмнөх жилүүдийн хөтөлбөрийн төгсөгчдийг хамруулсан "Манлайллын хэлэлцүүлэг" өдөрлөгийг ХБНГУ-ын Заарланд мужаас хүрэлцэн ирсэн зочдын хамт зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр ХБНГУ-ын Заарланд мужийн ХАХНамын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, хатагтай Аняа Вагнер-Шайд болон ХБНГУ-ын Заардланд мужийн Эмэгтэй хуульчдын холбооны тэргүүн, др. Зирин Озьфират нар “Эмэгтэйчүүдийн улс төр дэх манлайлал”, “Хүйсийн тэгш байдлын тухай хууль, эрхзүйн зохицуулалт” сэдвээр тус тус удиртгал илтгэл сонордууллаа. Үүний дараагаар “Эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийн үе, үеийн төгсөгчид болон оролцогчид ХБНГУ-аас хүрэлцэн ирсэн зочидтой дээрх сэдвүүдийн хүрээнд санал бодол болон улс орны туршлагаа солилцов. Хүйсийн тэгш байдлын хууль батлан хэрэгжүүлэх боломж болон квот, квориумын асуудлууд хэлэлцүүлэгт оролцогчдын ярианы гол сэдэв байв.