“Хурдан явахыг хүсвэл ганцаараа, хол явахыг хүсвэл хамт яв”[1]
Тоон мэдээллийн дагуу монголд 115 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээт иргэн байдаг[2]. Үүнээс үзвэл нийт хүн амын 4 орчим хувь нь нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, чөлөөтэй оролцох нөхцөл боломжоор дутагдан амьдарч байгаа гэсэн үг.[3] Харин нэг гэр бүл 3-4 хүртэлх тооны гишүүнтэй гэж үзвэл энэ асуудал бараг л хагас сая хүний амьдралд шууд болон шууд бусаар нөлөөлдөг аж. Хэдийгээр бага тоо мэт боловч Монгол Улсын нийт хүн ам 3.5 сая орчим гэдгийг санах нь зүйтэй. Түүнчлэн гэр бүлийн гишүүд дунд нэг буюу түүнээс дээш тусгай хэрэгцээт иргэн байгаа тохиолдолд тухайн гэр бүлийн ядууралд өртөх магадлал хоёр дахин нэмэгддэг[4]. Учир нь, хөдөлмөрийн насны тусгай хэрэгцээт иргэдийн 70% нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тодруулбал ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөлд амьдардаг байна.
Бэрхшээлийг хамт давахуй
Даяаршил, технологийн хурдацтай дэвшил зэрэг үзэгдлүүд хүмүүс бидний хоорондын харилцан хамаарлыг урьд өмнө байгаагүй хэмжээнд нэмэгдүүлж байна. Улмаар нийгмийн асуудал болон хувь хүний асуудлыг зааглах зураас улам нарийсч, амьдралын ихэнх талбарт дэвшил гарч байгаа юм. Тухайлбал, дэлхий даяар хөгжлийн бэрхшээлийн асуудлыг хувийн асуудал бус хүнийг нийгэмд оролцоход тулгамдаж буй хүртээмжгүй орчин нөхцөл, сөрөг хандлага гэж ойлгох хандлага зонхилох болов[5].
Бэрхшээлийг давах “зам”
Хөгжлийн бэрхшээлийг давах “зам” монголд тодорхой түвшинд тавигдсан гэж үзэж болно. Учир нь, Үндсэн хууль, 2016 онд батлагдсан Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд суурилан салбар хуулиудаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байдлыг хангах хууль, эрхзүйн нөхцөлийг бүрдүүлсэн. Мөн соёрхон баталсан олон улсын гэрээ, конвенцууд ч бий. Харамсалтай нь, 2019 онд хууль, эрх зүйн орчин, стандартын хэрэгжилтийн өнөөгийн байдлыг хангалтгүй бөгөөд зохицуулалтыг нарийвчлах, хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн байдаг[6]. Энэ бүхнээс харвал Монголын нийгэм барьсан “зам”-аараа тууштай урагшлах л ажил үлджээ.
KASCAP: Нөөц боломжийг нээхүй
Хүн бүр өөрийн гэсэн авьяас чадвараас гадна давтагдашгүй харах өнцөг, хэв маягтай. Хамгийн гол нь энэхүү нөөц боломжийг нээж хөгжүүлэхийн тулд сурч боловсрох, нийгмийн амьдралд оролцох боломжоор хүртээмжтэй хангах нь чухал юм. Тэгж чадвал амьдралын бүхий л талбарт хөгжил дэвшил хурдсах нь тодорхой билээ. Чухам энэ зорилтын хүрээнд Монгол дахь Конрад-Аденауэр-Сан тусгай хэрэгцээт залуусын Олон нийтийн нөлөөллийн хөтөлбөрийг зохион байгуулж байна.
Дөрөвдөх жилдээ амжилттай зохион байгуулагдсан энэхүү хөтөлбөр нь тусгай хэрэгцээт иргэдийг нийгэмд дуу хоолойгоо хүргэхэд дэмжих, чадавхжуулах зорилготой. Нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгогдсон оролцогчид маань улс төр, эдийн засаг, хувь хүний хөгжлийн чиглэлд онолын сургалтуудад хамрагддаг. Түүнчлэн харилцаа холбоо, мэдээллийн технологийн практик ач холбогдолтой дасгалууд дээр ажиллаж, монголын шилдэг мэргэжилтнүүд, сургагч багш нараас суралцдаг юм. Үүгээр зогсохгүй хоорондоо идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлэх, цаашид хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх үүднээс төгсөгчдийн холбоо байгуулан идэвхтэй ажилладаг онцлогтой.
[1] Африк зүйр үг
[2]https://www2.1212.mn/tables.aspx?tbl_id=DT_NSO_3900_004V1&Disability_select_all=0&DisabilitySingleSelect=_1&YearY_select_all=0&YearYSingleSelect=_2022&viewtype=table
[3] https://mlsp.gov.mn/uploads/files/186924b7c9448142182ac9ad7d5598b4187d7c00.pdf
[4] https://www.adb.org/sites/default/files/publication/533481/integrating-persons-disabilities-mongolia-society-mn_0.pdf
[5] https://ikon.mn/n/2tu2
[6]https://www.unescap.org/sites/default/files/3.3%20Social%20Inclusion%20in%20Infrastructure%20Development.pdf