Арга хэмжээний мэдээ
Сүүлийн 15 жилд Монголд агаарын дундаж температур 3 хэмээр нэмэгдсэн нь усны хомсдлыг бий болгохын зэрэгцээ цөлжилт хурдацтай явагдах нөхцөл болж байна. Одоогийн байдлаар Монгол улсын нутаг дэвсгэрийн 70 % нь цөлжилтөнд өртжээ. Нутаг дэвсгэр, цаг уурын ийм байдал нь цаг агаарын гэнэтийн үзэгдлүүд болох хуурайшилт, усны хомсдол, үер усны аюул болон элсэн шуурга болоход хүчтэй нөлөөлсөөр байна.
Усны хомсдолоос гадна усны бохирдол нэн даруй шийдвэрлэх асуудлын нэг болоод байгаа бөгөөд энэ нь уул уурхайн компаниудын буруу үйл ажиллагаанаас ихээхэн шалтгаалж байна. Мөн нийслэл Улаанбаатарт нүүрлээд буй том бэрхшээл нь айл өрхүүдийн 50 % хувь нь төвийн бохирын шугамтай холбогдоогүй, нийслэлийн төв цэвэрлэх байгууламж ачааллаа даахаа больсон учраас бүрэн цэвэрлэгдээгүй бохир ус хөрсний гүн рүү болон гол руу орж байгаа явдал юм. Дээрх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд холбогдох төрийн бодлого, хөтөлбөрүүдийг боловсронгуй болгох, асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэж удирдлага, зохион байгуулалтыг оновчтой тодорхойлох шаардлага нэмэгдсээр байна.
Ийм л учраас Конрад-Аденауэр-Сан нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамтай хамтран "Усны менежмент ба уур амьсгалын өөрчлөлт” сэдвээр 2015 оны 12-р сарын 03-ны өдөр бага хурал зохион байгуулсан билээ. Тус хуралдаанд БОНХАЖ-ын сайд, холбогдох асуудлыг хариуцсан УИХ-гишүүд, эрдэмтэн судлаачид болон иргэдийн төлөөллөл оролцсон бөгөөд усны салбарт тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
Усны салбарын эрдэмтэн мэргэжилтэнгүүд усны бохирдол, хомсдол зэрэг нэн тэргүүнд тулгарч буй асуудалд иргэний нийгмийн болон шийдвэр гаргагчид, улс төрчид илүү анхаарснаар урт хугацааны зөв, сайн шийдэлд хүрнэ гэдгийг онцоллоо.