Арга хэмжээний мэдээ
Тус үйл ажиллагааны гол зорилго нь улс төрийн шинжлэх ухааныг сонирхон судалдаг оюутан залуучуудын мэдлэгийг сорьж, тэднийг дэмжин урамшуулах, түүнчлэн хооронд нь холбож нэгтгэх явдал юм. Нийт үйл ажиллагааны туршид оролцогчид эссэ бичиж, улс төрийн мэдлэгээ сорьсон тест гүйцэтгэж, илтгэл сонордуулж түүнчлэн хоорондоо мэтгэлцлээ.
Тэмцээний эссэ бичлэгийн 1-р шалгаруулалтанд нийт 172 оюутан оролцож, тэднээс 54 нь 2-р шатанд улс төр, нийтийн удирдлагын мэдлэг сорьсон багийн ажиллагаат тэмцээнд цэц булаацалдсан юм. Түүнээс шалгарсан 3-р шатны шилдэг 14 оролцогч тэмцээний үеэр зохион байгуулагдсан “Бодлогын баримт бичигт дүн шинжилгээ, анализ хийх нь” сэдэвт сургалтанд хамрагдаж, олж авсан онолын мэдлэгийнхээ хүрээнд “Төрөөс баримтлах залуучуудын бодлого”-н аливаа нэг тусгай сэдвийг сонгон авч, өөрсдийн бодлогын анализийг боловсруулан олон нийтэд танилцууллаа. Шүүгчдийн үнэлгээгээр тэднээс шилдэг 4 оролцогч тодорч, уралдааны сүүлчийн шалгаруулалт болох Линколн, Доугласын мэтгэлцээний тэмцээнд сугалан авсан нийгэм, улс төрийн сэдвүүдийнхээ хүрээнд мэтгэлцсэн юм. Бусдыгаа манлайлан хошуучилж II байрт шалгарсан МУИС-НШУС-ийн оюутан Б. Мөнхзул болон I байрын шагналт МУИС-ХЗС-ийн оюутан Д. Ганхүрэл нар КАС-аас тэтгэлэг хүртэх эрхээр шагнагдлаа.