Asset Publisher

Арга хэмжээний мэдээ

WPLP 2023: Эмэгтэйчүүд, улс төр, ба манлайлал

Тэгш эрхийн төлөө тэмүүлж буй нийгэм бүрд эмэгтэйчүүдийн дуу хоолой хэрэгтэй байна.

Women's Political Leadership Program

Asset Publisher

эзлэх хувь

Тэнцүү гэхдээ тэнцвэргүй

Дэлхийн хүн амын хүйсийн харьцаа бараг л тэнцүү, эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдээс бага зэрэг илүү байсаар ирсэн[1]. Гэвч улс төрийн орон зай, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, дуу хоолой дэлхийн өнцөг булан бүрд үгүйлэгдэж байгаа юм. Тухайлбал, 2023 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 31 улсын төр, засгийн газрын тэргүүнээр эмэгтэйчүүд ажиллаж байна[2]. НҮБ 193 гишүүнтэй, хоёр хүн тутмын нэг нь эмэгтэй хүн гэж бодвол дээрх тоо тун бага болох нь харагдана. Үүнийг нотлох олон тоо баримт бий. Жишээ нь, дэлхий даяар бодлого гаргах түвшинд буюу Засгийн газар дахь эмэгтэй гишүүдийн хувь дунджаар 22.8% юм. Удирдлагын түвшинд нийт хүн амын xагасын төлөөлөл, оролцоо ийм байxад нийгмийн xарилцааг тэнцвэртэй гэвэл утгагүй явдал болоx билээ.

Цөөхөн боловч үр дүнтэй

Монголд нөхцөл байдал арай өөр. Тодруулбал, эмэгтэй хүн амын тоо илүү[3] боловч улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо харьцангуй бага байдаг[4]. Монголын Засгийн газар Ерөнхий сайдаас гадна 21 гишүүнтэй байхаар батлагдсанаас[5] нь 3 нь эмэгтэй, харин 2020 онд сонгогдсон парламентын 76 гишүүнээс 13 нь эмэгтэй гэдгээс харвал дэлхийн дунджаас бага түвшинд байгаа юм. Ерөнхийдөө улс төрийн тавцанд эмэгтэйчүүд голчлон Гэр бүл, хүүхдийн асуудал, Нийгмийн хамгаалал, Эмэгтэйчүүд болон хүйсийн тэгш байдал, Уугуул ба цөөнх иргэдийн асуудлыг хариуцан ажилладаг, ерөнxийдөө xязгаарлагддаг. Монголд ч энэ дүр зураг давтагддаг бөгөөд үе үеийн парламентын эмэгтэй гишүүд нийгмийн хамгааллын чиглэлд голчлон ажилласан байдаг[6].

2011 онд нам, эвслээс нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байхаар хуульчилснаас хойш 2012, 2016, 2020 оны парламентад арваас дээш эмэгтэй гишүүн сонгогдсон. Улмаар улс төрийн тавцанд эмэгтэйчүүдийн хамтран ажиллах боломж нэмэгдэж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Соёлын тухай зэрэг зогсонги байдалд байсан олон асуудлыг хуүльчилж чаджээ. УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж гишүүдийн тоог нэмэхээр болсон, мөн эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 30% байлгах саналыг дэмжсэн юм[7]. Ийнхүү цөөхүүлээ байхдаа үр дүнтэй байсан бүлэг улам хүчтэй болох өөдрөг дүр зураг бий болж байна.

Хуучин асуудал, шинэ дуу хоолой

Нийгмийн шударга ёс, ядуурал, авлига гэх мэт хуучин асуудлуудтай тэмцэхийн тулд дэлхий даяар шинэ гарц эрэлхийлсээр байгаа билээ. Санал болгож буй олон шийдэл дундаас эмэгтэйчүүд, тэр дундаа залуу эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих нь нийгмийн харилцааг илүү хүртээмжтэй, үр дүнтэй болгоход чухал үүрэгтэй[8]. Тиймээс нийгмийн хуучин орон зайд цэвэр агаар оруулахын тулд улс төрийн талбарт залуу эмэгтэйчүүдийг оролцоход саад болж буй хүчин зүйлсийг арилгах хэрэгтэй болно. Үүний тулд илүү хүртээмжтэй, нээлттэй, мөн шударга нийгмийн төлөө хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй залуу эмэгтэй удирдагчдыг улс төрийн үйл ажиллагаанд оролцоход шаардлагатай практик ур чадвар, онолын мэдлэг болон харилцааны холбооны боломжоор хангах нь чухал юм.

Эмэгтэйчүүдийн Улс Төрийн Манлайлал Хөтөлбөр 2023

Дээрх асуудалд шийдэл санал болгох зорилгоор Монгол дахь Конрад-Аденауэр-Сан 2015 оноос хойш Эмэгтэйчүүдийн Улс Төрийн Манлайлал Хөтөлбөрийг Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-тай хамтран амжилттай зохион байгуулж байна. Залуу эмэгтэй удирдагчдыг чадавхжуулах, тэднийг улс төрийн тавцанд гарахад дэмжих зорилготой уг хөтөлбөрт энэ жил 21 оролцогч сонгон шалгаруулснаар эхэлж гурван сарын турш үргэлжиллээ. Энэ хугацаанд оролцогчид хүйсийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог чадавхжуулах, шийдвэр гаргах үйл явцын талаар болон бусад улс төр, нийгмийн үндсэн сэдвүүдээр мэргэжилтнүүдийн илтгэл, сургалтад гурван сарын турш хамрагдсан юм.

Түүнчлэн олон нийтийн арга хэмжээ, хурлуудад оролцож, хэлэлцүүлэг өрнүүлэх байдлаар эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны ач холбогдлын талаар туршлага хуримтлуулав. Улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага зэрэг нийгмийн олон талбарт ажиллаж, дуу хоолойгоо идэвхтэй хүргэж буй оролцогчид маань хөтөлбөрөө төгссөнөөр 2023 оны Эмэгтэйчүүдийн Улс Төрийн Манлайлал Хөтөлбөр амжилттай өндөрлөлөө.

 

[1] https://www.statista.com/statistics/1328107/global-population-gender/

[2] https://www.unwomen.org/en/what-we-do/leadership-and-political-participation/facts-and-figures

[3] https://www.1212.mn/mn/statistic/statcate/573051/table-view/DT_NSO_0300_071V3

[4] https://ikon.mn/opinion/24kp

[5] https://montsame.mn/mn/read/302857

[6] https://unread.today/c/women-political-participation

[7] http://eagle.mn/r/115732

[8] https://www.un.org/youthenvoy/calltoaction/

Asset Publisher

холбоо барих хүн

Адъяасүрэн Жамъяндагва

Adiyasuren Jamiyandagva kas

Төслийн менежэр

adiyasuren.jamiyandagva@kas.de +976 11 31 91 35

comment-portlet

Asset Publisher

Asset Publisher