Монгол дахь Конрад-Аденауэр-сангийн урилгаар ХБНГУ-ын Заарланд муж улсын Христийн Ардчилсан Холбоо намын Удирдах зөвлөлийн Санхүү, Технологи, Шинжлэх ухааны асуудал хариуцсан референт Филип Хоффманн, Заарланд муж улсын Дотоод хэрэг, барилга, спортын яамны төв хэлтсийн дарга Нико Акерманн нар ажлын айлчлал хийж байгаа бөгөөд өчигдөр Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяатай уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр улсын баруун төвийн үзэл баримтлалтай намын бодлого, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, тэдэнд тулгардаг нийтлэг хүндрэл бэрхшээл, залуучуудын улс төрийн идэвх, оролцооны талаар харилцан туршлага хуваалцлаа. Түүнчлэн хоёр улсын сонгуулийн тогтолцоо, улс төрийн намын санхүүжилтийн талаар мэдээлэл солилцлоо.